Өнөөдрийн ярилцах сэдэв бол амжилт, хүмүүс заримдаа намайг урам зориг өдөөгч гэдэг, гэхдээ эхнээсээ л хэлчихье, би бол урам зориг өдөөгч биш. Би өндөр шаардлагыг хангаж чадахгүй. (Инээд) Би хэнд ч урам зориг өгч чаддаггүй. Манай ажилчид намайг бүр урам зориг унтраагч гэдэг. (Инээд) Би харин мэдээлэл түгээгч байхыг л хичээдэг. Би явж, амжилтын тухай зарим нэг зүйлсийг олж мэдсэн. Үүнийгээ л цааш түгээхээр ирлээ. Миний түүх 10 жилийн өмнө онгоцонд явж байхад минь эхэлсэн юм. Би Калифорни мужид болох TED-ийн хурал руу явж байлаа. Миний хажуугийн суудалд нэг өсвөр насны охин сууж байв. Тэр их ядуу гэр бүлээс гаралтай ч ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсч байсан. Компьютер дээр ажиллаж байхад тэр надаас юм асуусаар байсан. Гэтэл гэнэтхэн тэр надаас "Та амжилттай хүн мөн үү?" гэж асуув. Би: "Үгүй ээ, би амжилттай хүн биш" гэлээ. Миний баатар Терри Фокс бол харин жинхэнэ том амжилт. Хорт хавдарт нэг хөлөө алдсан ч хэдэн мянган миль гүйж, хавдрын судалгаанд олон сая долларын хандив цуглуулж чадсан. Эсвэл Билл Гэйтс. Хувийн онгоцтой учраас ийм олон юм асуудаг хүүхдийн хажууд суух шаардлагагүй. (Инээд) Гэхдээ би өөрийн хийж бүтээсэн зүйлсээс ярьж өглөө. Би хүмүүстэй харилцах дуртай, маркетингийн салбарт олон ч шагнал авсан. Би гүйх дуртай, 60-аас дээш настай өөртэйгөө адил "өвгөчүүлтэй" уралдахад түрүүлчихээд л байгаа. (Инээд) Хамгийн хурдан гүйсэн марафондоо би 26 миль буюу 42 километр замыг 2 цаг 43 минутанд туулсан. Би 7 тивд 50 гаруй марафонд гүйсэн. Энэ бол эхнэр бид хоёр Перуд Инкүүдийн замаар Мачу Пиччү хүртэл гүйсэн зураг. 7 тивд гүйсэн гэж бардам хэлэхийн тулд бид Антарктидад ч гүйх хэрэгтэй болсон. Биднийг тэнд очиход энд гарсан шиг тайван, сайхан байгаагүй шүү. Яг үнэндээ ийм л байсан. Далайн давалгаа хүчтэй байснаас эрэгт ойртож чадаагүй. Тиймээс бид тогтуун хэсэг хайж цааш 320 гаруй км яваад, 42 км-ын бүтэн марафоноо усан онгоц дээрээ гүйж дуусгасан юм. Тэр жижиг онгоцныхоо тавцанг 422 удаа тойрсон гэсэн үг. Мөн эхнэр бид 2 хамт дэлхийн 7 өндөр оргилын хоёрт нь, тив бүрийн хамгийн өндөр оргилуудад гарсан. Бид хамтдаа Америк тивийн хамгийн өндөр оргил Аконкагуад, Африкийн хамгийн өндөр оргил Килиманжарод ч гарсан. Нуулгүй хэлэхэд, би Килиманжарод авирч байхдаа бөөлжсөн. Надад уулын өвчин илэрсэн. Эхнэр маань намайг огтхон ч өрөвдөөгүй. Намайг өвчиндөө шаналж байхад, тэр намайг орхиод, оргилыг тойрохоор явсан. Ийм явдал болсон ч гэсэн бид одоо болтол хамт байж, 35 гаруй жил хамт амьдарчээ. (Алга ташилт) Өнөө үед бол энэ амжилт шүү. Тиймээс, би тэр охинд: "Яахав ээ, би зарим зүйлд амжилт гаргасан л байх" гэж хэллээ. "За, тэгвэл та саятан уу?" гэж охин асуусан. (Инээд) Би үнэндээ юу хэлэхээ мэдээгүй. Намайг багаас мөнгөний тухай асуух нь буруу гэдгийг сургасан. Гэхдээ би үнэнээ хэлэхээр шийдсэн. "Тиймээ, би саятан. Гэхдээ би яаж баяжсанаа мэдэхгүй. Мөнгө миний хувьд хэзээ ч хамгийн чухал зүйл байгаагүй" гэж хэлсэн. Тэр: "Танд чухал биш байлаа ч, надад бол чухал. Би насаараа ядуу баймааргүй байна. Амжилтанд хүрмээр байгаа ч бүтэхгүй шүү дээ" гэж тэр хэлсэн. "Яагаад чадахгүй гэж?" асуухад: "Яагаад гэвэл би тийм ч ухаантай биш. Хичээлдээ сайнгүй" гэж хариулсан. Тэгэхээр нь би "Тэгээд юу гэж? Би ч бас ухаантай биш, арай гэж сургуулиа төгссөн. Надад онцгой юм юу ч байгаагүй. Би хэзээ ч нэр алдарт эсвэл амжилтад хүрэх хүн гэж үнэлэгдэж байгаагүй. Надад зориулж бүтэлгүйтэх нь гарцаагүй гэсэн шинэ ангилал үүссэн. Гэхдээ би чадсан. Би чадсан юм чинь чи ч чадна" гэж түүнд хэлсэн. Гэтэл тэр надаас хүнд асуулт асуусан: "За, тэгвэл юу амжилтанд хүргэдэг юм бэ?" Би: "Хөөх, уучлаарай, мэдэхгүй юм байна. Ямар ч байсан би хийж чадсан. Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй" гэв. Онгоцноос буугаад би TED-ийн хуралдаа суулаа. Тэнд цугларсан хүмүүс бүгд л гайхалтай амжилттай хүмүүс байв. Бизнес, шинжлэх ухаан, урлаг, эрүүл мэнд, технологи, байгаль орчин гээд олон салбарынхан цугларчээ. Гэнэт нэг санаа төрлөө. Юу амжилтад хүргэснийг тэднээс асууж мэдье. Тэгээд хүнийг яг ямар зүйл амжилтад хөтөлдгийг олж тогтооё! Миний сэтгэл маш их хөдөлж, тэдгээр гайхалтай хүмүүстэй ярилцах болтол өөртөө эргэлзэж эхэллээ. Ер нь яагаад энэ хүмүүс надтай ярилцахыг хүснэ гэж? Би алдартай сэтгүүлч биш, бүр сэтгүүлч ч биш. Тэгээд би энэ төслөө эхлүүлээгүй байж дуусгах тухай бодож зогстол алдарт "Бен ба Жерри" зайрмагийг үндэслэгчдийн нэг Бэн Кохэн алхан ирж байхыг хараад одоо л биш бол хэзээ ч бүтэхгүй гэдгийг ойлгосон. Би эргэлзээгээ даран байж түүний өмнө очоод ингэж хэлсэн: "Бэн, би нэг төсөл хийж байгаа юм. Юу гэж асуухаа ч мэдэхгүй байна. Гэхдээ танд юу амжилт авчирсныг хэлж өгөөч?" Тэр: "Мэдээж бололгүй яахав, явж кофе ууцгаая" гэсэн. Кофе ууж, зайрмаг идэх зуураа тэр өөрийн түүхийг ярьсан. Харин одоо 10 жилийн дараа би энд зогсож байна. 500 гаруй амжилттай хүмүүстэй нүүр тулан ярилцаж, өөр мянга мянган амжилтын түүхийг цуглуулсан. Би бүх салбарт амжилтанд хүргэх нийтлэг хүчин зүйлийг мэдэхийг хүсч байсан учраас А-гаас Я хүртэл бүх л мэргэжлийн хүмүүстэй ярилцах хэрэгтэй болсон. А үсгээр эхэлсэн мэргэжилтэй хүмүүстэй ярилцсан минь л гэхэд энэ байна. Ихэнхдээ нэгээс илүү хүнтэй ярилцсан. Амжилттай яваа 6 нягтлан бодогч, 5 корпорацийн аудитор, сансарт ниссэн 5 нисгэгч, Оскарын шилдэг гол дүрийн шагнал хүртсэн 4 жүжигчин, дэлхийн шилдэг 3 астрофизикч, дэлхийн шилдэг 6 архитектор, бас 4 Нобелийн шагналтантай ярилцсан. Нобель А үсгээр эхлээгүй л дээ, гэхдээ л гоё сонсогдож байгаа биз? (Инээд) Энэ хугацаанд надтай ярилцсан бүх гайхалтай хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ үнэндээ тэдний л түүх, харин би бол зүгээр л дамжуулагч. Тэр бүх ярилцлагыг авна гэдэг том ажил байсан. Хэлсэн үг, өгүүлбэр бүрээр нь харьцуулан шинжилж, хүмүүст амжилт гаргахад нөлөөлсөн бүх хүчин зүйлсийг ангилахад их ажил орсон. Аажмаар хүмүүсийг амжилтад хүргэсэн нийтлэг чухал хүчин зүйлсийг харж эхэлсэн. Энэ бүхний эцэст би сая сая үгийг ангилж, анализ хийсэн байсан. Ямар их ажил орсныг мэдэх үү? Би өдөржин, шөнөжин зөвхөн ангилж, анализ хийдэг байсан. Хэрвээ би тэр онгоцонд тааралдсан хүүхэдтэй ахиад уулзвал яана гээч? (Инээд) Үнэхээр уулзвал би талархснаа илэрхийлнэ. Надад сонирхолтой хүмүүстэй уулзаж, цагийг сайхан өнгөрөөх боломж олдсон. Одоо би түүний асуултад хариулж чадна. Би амжилттай хүмүүст байдаг нийтлэг 8 зан чанарыг олж мэдсэн. Өөрөөр бас агуу болох 8 дүрэм гэсэн ч болно. Хийж буй зүйлдээ дурла, шаргуу хөдөлмөрлө, бүх зүйлд биш нэг л зүйлд төвлөр, шаргуу урагшил, сайхан санаа гарга, хийж буй зүйлдээ үргэлж сайжир, бусдад үнэ цэнэтэй зүйл өг, учир нь амжилт гэдэг ганцхан хүнээр хэмжигдэхгүй. Битгий шантар, ганцхан өдрийн дотор амжилтанд хүрэхгүй. Яагаад эдгээрийг сонгосон бэ гэж үү? Яагаад гэвэл миний ярилцсан хүмүүст эдгээр 8 чанар юу юунаас илүү хэрэг болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байсан. Эдгээр 8 чанар бол амжилтын түлхүүр, амжилтын үндэс. Энэ дээр суурилаад ажил мэргэжилд хэрэгтэй тусгай чадваруудыг нэмж болно. Техник чадвар, анализ хийх чадвар, харилцааны чадвар, бүтээлч байдал гэх мэт ажил мэргэжлээсээ хамаарсан олон чадварыг нэмж болно. Гэхдээ бид ямар ч салбарт ажилласан гэсэн эдгээр 8 зан чанар бидний амжилтын үндэс байх болно. (Алга ташилт)