Таны цалин хэд вэ? Чангаар хариулсны хэрэггүй. Зүгээр л дотроо саначих. Харин одоо таны хажууд байгаа хүн хэдийг авдаг гэж та бодож байна? Бас л чангаар хэлсний хэрэггүй. (Инээд) Таны хажууд суудаг ажилтан хэдийг авдаг бол оо? Та мэдэх үү? Та мэдэх хэрэгтэй юу? Танаас эдгээр асуултыг асуухад надад бага зэрэг эвгүй байна л даа. Гэхдээ та үнэнийг хэлэхэд мэдмээр л байгаа биз дээ? Бидний ихэнх нь цалингаа зарлахыг жаахан эвгүй гэж үздэг. Бид энэ тухай хөршүүддээ хэлэх ёсгүй, ажил дээр хажуу ширээнийхээ хүнд бүр ч болохгүй. Гол шалтгаан нь хүн болгон бие биенийхээ цалинг мэддэг бол бүх зүйл хяналтаас гарна гэж боддог. Хэрүүл маргаан дэгдэж, бүр хэд хэдэн хүн ажлаасаа гарч ч мэднэ. Харин бусдаас нууцлах нь энэ бүх маргааны гол шалтгаан бол яах вэ? Энэ нууцлалыг алга болгочихвол ямар вэ? Нээлттэй байх нь компани доторх шударга болон хамтран ажиллах хандлагыг нэмэгдүүлдэг болов уу? Хэрвээ цалингийн ил тод байдал бүрэн хангагдвал яах бол оо? Сүүлийн хэдэн жилийн турш би байгууллагуудын болон энтрепренёр манлайлагчдыг судалсан. Тэд компанийг удирдах уламжлалт аргаас татгалзсан юм. Цалингийн асуудал удаа дараа тавигдсаар байсан л даа. Хариултууд нь улам гайхшруулсаар байсан. Цалингийн ил тод байдал буюу компани дотроо цалингийнхаа хэмжээг чөлөөтэй хуваалцах нь ажилтнуудад төдийгүй байгууллагад сайнаар нөлөөлдөг. Хүмүүс цалингаа хамтран ажиллагсдаас нь их багыг мэдэхгүй үед өөрсдийгөө харьцангуй бага цалинтай, бүр зарим тохиолдолд гадуурхагдсан мэдрэмж төрдөг байна. Танд бага цалин өгдөг эсвэл гадуурхдаг мэт санагддаг байгууллагад та ажиллахыг хүсэх үү? Харин цалинг нууцлаад байх нь яг ийм байдал үүсгэдэг. Олон жилийн өмнөөс тогтсон ийм жишиг түгээмэл тохиолддог. АНУ-д аливаа ажилтан цалингийнхаа хэмжээг бусадтай хуваалцах эрх нь хуулиар хамгаалагдсан мөртлөө тэр шүү дээ. Хэдэн арван жилийн тэртээх нэг алдартай жишээнд Вэнити Фэйр сэтгүүлийн удирдлага "Ажилтнуудыг авсан цалингийнхаа тухай хоорондоо ярилцахыг хориглоно" гэсэн гарчигтай сануулгыг тарааж байсан. Ажилтнуудыг авсан цалингийнхаа тухай хоорондоо ярилцахыг "хориглоно". Энэ сануулга хэнд ч таалагдаагүй нь ойлгомжтой. Алгокиний Дугуй Ширээний гишүүд болох Нью-Йоркийн зохиолчид Дороти Паркер, Роберт Бэнчли, Роберт Шэрвуд нар маргааш өдөр нь ил тод байдлыг хамгаалах зорилгоор цалингийнхаа хэмжээг бичсэн самбар хүзүүнээсээ зүүцгээсэн байлаа. (Инээд) Цалингаа бичээд хүн бүрт харагдахаар хүзүүнээсээ зүүж ажилдаа ирнэ гээд төсөөл дөө. Гэхдээ яагаад компаниуд цалингаа ярихыг сайшаадаггүй юм бол? Яагаад үүнийг зарим нь үг дуугүй дагаж, зарим нь эсэргүүцдэг юм бол? Дээр дурдсан шалтгаанаас гадна цалинг нууцлах нь маш их мөнгө хэмнэх арга болдог байх нь. Цалинг нууц байлгах нь эдийн засгийн хэллэгээр "мэдээллийн тэнцвэргүй байдал" үүсгэдэг. Энэ нь аливаа хэлцэлд оролцогч 2 талын нэг нь нөгөөгөөсөө хамаагүй илүү мэдээлэлтэй байхыг хэлнэ. Ажилд авах, тушаал дэвшүүлэх эсвэл цалин нэмэх хэлцэлд ажил олгогч ийм нууцлалыг маш их мөнгө хэмнэх зорилгоор ашиглаж болно. Хэрвээ та хүн бүрийн цалинг мэддэг байсан бол өөрийгөө хэр сайн хэлцэл хийх байснаа төсөөл дөө. Эдийн засагчид мэдээллийн тэнцвэргүй байдал зах зээлийг гажуудуулна гэж анхааруулдаг. Хувилагч төхөөрөмж дээр орхисон цалингийн чекээс болж нэг мэдэхэд л хүмүүс өөд өөдөөсөө хашхирч эхэлнэ. Тэд бүр мэдээллийн тэнцвэргүй байдал, бүр эдийн засгийг уналтад оруулж болзошгүйг сануулдаг. Бид үүнд хүрэхэд тун ойрхон байна. Яагаад гэвэл, нэгт, ихэнх ажилтнууд хамтрагчаасаа илүү эсвэл бага авдаг эсэхээ мэддэггүй. 2015 онд 70 мянган хүнээс авсан судалгаагаар зах зээлийн дундаж түвшингийн цалин авдаг хүмүүсийн 2/3 нь өөрсдийгөө дунджаас доогуур авдаг гэж боддог нь тогтоогдсон. Бага цалин авдаг гэсэн хүмүүс их, бага, яг дундаж хэмжээний цалинтайгаасаа үл хамааран 60 хувь нь ажлаасаа гарах бодолтой байгаа гэсэн. Та энэ судалгаанд оролцсон бол юу гэж хариулах байсан бэ? Та бага цалин авдаг уу? Гэхдээ азнаарай. Та энэ тухай ярьж болохгүй байж яаж мэдэх юм бэ? Мөн мэдээллийн тэнцвэргүй байдал, цалингийн нууцлал хоёр өнөөгийн эдийн засагт аль хэдийн үүсээд байгаа ялгаварлан гадуурхах явдлыг улам даамжруулж байна. 2011 оны Эмэгтэйчүүдийн Бодлогын Судалгааны Хүрээлэнгээс гаргасан тайланд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү 23 хувь байсан. Эндээс л эмэгтэйчүүд 1 доллар тутмаас 77 цент авдаг гэсэн нөгөө яриа үүссэн. Харин төрийн албанд цалингийн шатлалыг тодорхой зааж өгсөн ба хүн бүр энэ шатлалын тухай мэддэг учраас цалингийн ялгаа нь 11 хувь хүртэл буурсан. Цалингийн ялгаа гарахад нөлөөлдөг бусад хүчин зүйлс өөрчлөгдөөгүй байхад л ийм бууралт гарч байна гээд бод доо. Хэрвээ жендерт суурилсан цалингийн ялгааг арилгая гэвэл цалингийн жагсаалтыг дэлгэхээс л эхлэх ёстой байх. Эдийн засгийн уналт хэрвээ энэ мөн бол, нээлттэй ил тод байдал нь шударга ёсыг хангах ганц арга болдог. Мэдээж хүмүүст хэдийг олдгоо мэдэгдэх нь эвгүй байж магадгүй. Гэвч өөрийгөө гадуурхагддаг эсвэл эхнэр, охин, эгч дүү нарын чинь цалинг шударга бусаар тогтоодог болов уу гэж бодож байснаас дээр биш гэж үү? Нээлттэй байх нь шударга ёсыг хангах хамгийн зөв арга. Харин цалингийн ил тод байдал үүнийг биелүүлнэ. Энтрепренёр, байгууллагын удирдагч нар олон жилийн турш цалингаа хуваалцах аргыг туршсаар ирсэн. Жишээ нь, Дэйн Аткинсон байна. Дэйн маш туршлагатай энтрепренёр ба олон компанийг цалингийн нууцлалтай эхлүүлж, энэ байдлаа ашиглан адил ур чадвартай хоёр хүнд цалингийн хэлцлээ хэр сайн хийснээс нь шалтгаалан хол зөрүүтэй цалинжуулсан байна. Тэгээд Дэйн үүнээс болж үүссэн тэмцлийг олж харсан. Тэр хамгийн сүүлд нээсэн СамОлл компаниа эхлүүлэхдээ анхнаас нь цалингийн ил тод байдлаар хангасан. Үр дүн нь гайхамшигтай байсан. Олон олон судалгаагаар хүмүүс өөрсдийгөө ямар түвшинд цалинждаг, цалин нь бусад хүмүүсийнхээс ямар байна гэдгээс шалтгаалан ажлынхаа үр дүнг сайжруулахын тулд илүү хичээж, илүү хүчээ зарцуулахаас гадна ажлаасаа гарах магадлал багассан. Иймээс ч Дэйн ганцаараа биш. Технологийн гарааны бизнес болох Баффераас эхлээд Хоул Фүүдс компаний хэдэн арван мянган ажилчдад хүртэл зөвхөн цалингаас гадна дэлгүүр, хэлтэс дэх ажлын үр дүнгүүд нь дотоод сүлжээгээр бүх хүмүүст харагддаг. Цалингийн ил тод байдал нь маш олон төрөл байдаг л даа. Нэг төрөл нь бүгдэд нь таарна гэсэн үг биш. Зарим нь цалингаа бүгдэд харагдахаар тавина. Зарим нь компани дотроо харуулна. Зарим нь цалингаа бодох томьёог заана. Зарим нь цалингийн шатлалаа зарлаад хүмүүстээ аль шатлалд байгааг хэлнэ. Та бүх ажилчдадаа бичиж өгөөд ажил дээр нь зүүлгээд явах шаардлагагүй. Та ч мөн гэртээ хийсэн зүүлтээ ганцаараа зүүх албагүй. Гэхдээ бид цалингийн ил тод байдалд хүрэх чухал алхмуудыг хийж чадна. Ил тод байдалд чиглэсэн арга хэмжээ авах эрх мэдэлтэй хүмүүст хэлэхэд, одоо урагш хөдлөх цаг болсон. Эрх мэдэл хараахан байхгүй хүмүүст хандаж хэлэхэд, эрхийнхээ төлөө бат зогсох цаг нь ирлээ. Тэгэхээр, таны цалин хэд вэ? Таны хамт ажилладаг хүнийхээс ямар вэ? Та мэдэх эрхтэй! Тэд ч бас! Баярлалаа. (Алга ташилт)