"Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page Дэлхийд шилдэг их сургуулийг дүүргэж буй та бүхний баярыг хуваалцаж байгаадаа баяртай байна. Чин үнэнээ хэлэхэд, би коллеж огт төгсөөгүй. Төгсөлтийн баярт үүнээс илүүгээр ойртож чадахгүй байх. Өнөөдөр би та бүгдтэй амьдралынхаа гурван түүхийг хуваалцах гэсэн юм. Тэгээд л тэр. Гуравхан түүх. Эхнийх нь “Цэгийг холбох” тухай. Би Reed College-д элсээд 6-хан сарын дараа хаясан. Гэхдээ бүрмөсөн гарах хүртлээ бүтэн жил хагас ирэн очин байсан. Яагаад хаясан гээч? Бүх юм намайг төрөхөөс ч өмнө эхэлсэн. Ээж маань намайг коллежид сурч байхдаа төрүүлж, үрчлүүлэхээр шийдсэн гэдэг. Коллежийн боловсролтой айлд хүүгээ өгөхийг тэр хүсч байлаа. Тэгээд намайг дөнгөж төрсний дараа хуульчийн гэр бүлд өргүүлэхээр ярьж тохирсон байна. Гэхдээ тэд дараа нь бодлоо өөрчилж охинтой болохыг хүсжээ. Тэгээд намайг төрсөн шөнө тэдэн лүү эмнэлэгээс залгаж... “Бид хүүтэй боллоо. Харин та нар үрчлэх хэвээрээ юу?” гэж асуухад “Мэдээж” гэж хариулсан гэдэг. Төрүүлсэн эх минь хожмоо өсгөсөн ээжийг минь коллеж төгсөөгүй... аавыг ахлах сургуулиа ч дүүргээгүй гэдгийг мэдсэн гэдэг. Тэгээд хүүгээ өргүүлэхгүй гэж дургүйцсэн ч гэсэн хэдэн сарын дараа зөөлөрч... намайг заавал коллежид суралцуулна гэсэн амлалтыг тэднээс авсан юм. Миний амьдрал ингэж эхэлсэн. 17 жилийн дараа би коллежид элссэн. Гэхдээ Стенфордтэй дүйцэхүйц өндөр үнэтэй коллеж сонгож... эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр төлбөрийг нь төлүүлж байлаа. Тэгээд 6 сарын дараа би коллежоо хаясан. Юу хийх, хэн болохоо мэдэхгүй төөрсөн надад, коллежид цагаа дэмий үрж байх шиг санагдсан юм. Дээр нь эцэг эхийнхээ цуглуулсан хамаг мөнгөөр суралцаж байдаг. Тэгээд л би коллежоо хаях маш том шийдвэрийг гаргасан. Мэдээж тэр үедээ аймар байлаа. Гэхдээ эргээд харахад энэ бол хамгийн зөв шийдвэр байсан. Эхэндээ би сонирхолгүй санагдсан, суух шаардлагатай хичээлүүдээ хаяж... илүү сонирхсон хичээлүүдээ үзэж эхэлсэн. Мэдээж бүх юм тийм амар байгаагүй. Би дотуур байранд найзуудынхаа өрөөний шалан дээр унтаж... Хоолны мөнгө олох гэж 5 центийн коланы шил тушаадаг байсан. Бас Hare Krishna сүмд үнэгүй хоол идэх гэж ням гараг болгон 11 км алхдаг байлаа. Би харамсаагүй. Хүсэл сонирхол, зөв совиндоо даатгасан бүхэн минь хожмоо үр дүнгээ өгсөн юм. Нэг жишээ дурьдая. Тэр үеийн Reed коллежийн каллиграфийн сургалт хамгийн шилдэг нь байлаа. Кампус даяар гайхалтай, төгс каллиграфтай самбар, зарлал, бичгүүд дүүрэн байдаг байлаа. Би хичээлээ хаяж, жирийн ангиас хасагдсан болохоор каллиграфт суралцахаар шийдсэн юм. Тэгээд хэрчлээс, дармал, дардас, үсэг хоорондын зайг яаж хослуулахыг сурч... типографикийн гүн нууцад нэвтэрч, их юм сурсан. Энэ бол шинжлэх ухаан, машинаар бүтээж, тайлбарлах боломжгүй... цэвэр мэдрэмж, түүх, соёл шингэсэн сэтгэл хөдөлгөм гайхалтай урлаг. Харин энэ бүхэн хойшдын амьдралд минь хэрэг болох эсэх нь эргэлзээтэй байв. Гэхдээ 10 жилийн дараа анхны Macintosh компьютерийг загварчилж байхад каллиграф надад үр ашгаа өгсөн. Мак бол анхны өвөрмөц, гайхалтай загвартай типографиктай компьютер. Хэрэв би коллежийн нэг ч хичээлээ хаяагүй бол... Mac-ийн үсгийн фонт, дардас, типографик ч гэсэн огт өөр байх байлаа. Саяхан Windows, Mac-ийг хуулсан гэхээр бусад компьютер ч гэсэн ийм фонтгүй байх байж. Хэрэв би сонирхолгүй хичээлээ хаяж, каллиграфийн урлагт суралцаагүй бол... персональ компьютерүүд гайхалтай типографикгүй бүтээгдэх байлаа. Мэдээж тухайн үедээ каллиграф хойшдын амьдралд минь ингэж хэрэг болно гэдгийг би мэдээгүй. Гэхдээ 10 жилийн дараа эргээд харахад бүх зүйл тов тодорхой байна. Ирээдүйд юу болохыг хэн ч тааж мэдэж чадахгүй. Чи зөвхөн арагш харж байж л цэгийг холбож болно. Тэгэхээр тэр цэгнүүд хоорондоо холбогдоно гэж ямар нэгэн юманд итгэх нь л чухал. Зориг, тэмүүлэл, хувь тавилан, амьдрал, карма юу гэж нэрлэх нь хамаагүй. Цэгнүүд хоорондоо холбогдоно гэсэн итгэл чамд зүрх сэтгэлээ дагах зориг өгнө. Эргэлзсэн, шантармаар, хүнд хэцүү үед ч гэсэн үүнийг л мартахгүй байх нь чухал. Хоёр дахь түүх маань хайр, хагацлын тухай. Хүсэл сонирхлоо эрт таниж, олсноороо би азтай. 20-той байхдаа би Воз-той цуг Apple-ийг анх гэрийнхээ гарашт санаачилсан. Бид шургуу ажилласан. Тэгээд 10 жилийн дараа гэхэд Apple 4 мянган ажилтантай... хоёр тэрбум долларын компани болж өргөжсөн. Гэтэл Macintosh-ийг бүтээж, танилцуулснаас ганцхан жилийн дараа би халагдсан. Тэр үед би 30-тай байлаа. Өөрийнхөө үүсгэсэн компаниас яагаад халагдана гэж? Apple өргөжиж, бид компанийг сайжруулж чадах авьяаслаг залууг эгнээндээ нэгтгэсэн юм. Эхэн үедээ бүх юм боломжийн явж байлаа. Харин дараа нь бидний үзэл бодол зөрөлдөж салаа замыг сонгоход... захирлуудын зөвлөл түүний талд зогссон юм. Ингээд 30-тайдаа би халагдлаа. Сүр дуулиантайгаар. Олон жилийн хөдөлмөр, хүсэл тэмүүллээсээ ингэж хагацах надад мэдээж маш хэцүү байсан. Эхэндээ би үнэхээр юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлж, буухиа уралдааны савхыг алдаж унагасан юм шиг санагдаж байв. Тэгээд David Packard, Bob Noyce-той уулзаж тэднээс бүтэлгүйтсэндээ уучлалт гуйсан. Ингэж хүчтэй унасныхаа дараа больдог юм билүү ч гэж бодож байлаа. Гэхдээ урам зориг, ажилдаа дурлах гол цог минь огт бөхөөгүй. Apple-г тойрсон дуулиан намайг огтхон ч өөрчлөөгүй. Гологдож, хаягдсан ч гэсэн би урам зоригоо алдаагүй. Тэгээд дахин эхлэхээр шийдлээ. Тэр үедээ мэдээгүй ч гэсэн Apple-аас халагдсан нь.... миний амьдралыг асар их эерэгээр өөрчилсөн юм. Амжилтын хүнд нүсэр ачаа гэнэтхэн л анхдагчийн хөнгөн, тодорхой бус байдлаар солигдсон юм. Амьдралынхаа хамгийн бүтээлч, оргилуун үеийн хаалгыг би ингэж л татсан юм. Дараагийн 5 жилд би NeXT, Pixar компаниудыг үүсгэн байгуулж... хожмоо эхнэр минь болсон гайхалтай бүсгүйд дурласан. Pixar, компьютероор загварчилсан анхны бүрэн хэмжээний кино Toy Story-г бүтээж... өдгөө дэлхийн шилдэг animation студи болон өргөжөөд байна. Хэдэн жилийн дараа Apple, NeXT-ийг худалдаж авснаар би Apple-д эргэж ирсэн. Тэгээд бидний NeXT-д хөгжүүлсэн технологи Apple-ийн сэргэн мандалтын амин зүрх болсон юм. Би Лаурентай гайхалтай гэр бүлийг босгосон. Apple-аас халагдаагүй бол амьдрал минь ингэж өрнөхгүй байсан нь мэдээж. Эм хэдий уухад гашуун ч үр дүнд нь чи эдгэрдэгтэй адилхан. Амьдрал заримдаа чамайг өвдөг сөхөртөл хүчтэй цохиж болно. Гэвч итгэлээ бүү алд! Хийж байгаа зүйлдээ дуртай байсныхаа хүчинд л би өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Хүсэл сонирхлоо ол!. Ажлаа хамгийн дотны хүмүүстэйгээ харьцуулж төсөөл. Хүн амьдралынхаа ихэнхи хугацааг ажиллаж өнгөрөөдөг. Ажилдаа сэтгэл хангалуун байхын үндэс нь дур сонирхолтой байх. Тэгээд дараа нь амжилт чамайг аяндаа өөрөө олоод л ирнэ. Хэрэв олж амжаагүй байгаа бол битгий зогс. Хай!. Харин олсон гэдгийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө. Он жил өнгөрөх тусам чиний хүсэл тэмүүлэл улам хүчтэй дүрэлзэн асах болно. Тэгэхээр олтлоо битгий зогс. Хайгаад л бай. Миний сүүлийн түүх үхлийн тухай. 17 насандаа би нэг эшлэл уншсан юм. “Өдөр бүрийг амьдралынхаа сүүлийн өдөр гэж бодож явбал, хэзээ нэг цагт чи тэр өдрөө олно” Энэ эшлэл надад хүчтэй нөлөөлсөн. Тэгээд сүүлийн 33 жилийн турш би өглөө болгон өөрөөсөө ингэж асуусаар ирсэн. “Өнөөдөр миний амьд явах сүүлийн өдөр байсан бол өнөөдөр хийх гэж байгаа юмаа хийх байсан уу?” Тэгээд “Үгүй” гэж хэдэн өдөр дараалж хариулбал ямар нэг юм өөрчлөх цаг болсон гэсэн үг. Амьдралын ямар нэгэн чухал шийдвэр гаргахаасаа өмнө.... би үргэлж хэзээ нэгэн цагт нүүр тулна гэдгээ бодож үздэг. Учир юу гэвээс - бардам зан, горьдлого, түгшүүр, айдас, зовнил гээд бүх зүйлс үхэлтэй нүүр тулахад чамд огтын хамааралгүй болдог. Хэзээ нэгтээ хорвоог орхино гэдгээ санах нь алдаа гаргаж, бүтэлгүйтэхээс айх тэр хүлээснээс чамайг чөлөөлнө. Бид нүцгэн буцна. Тэгэхээр зүрх сэтгэлээ дагалаа гээд алдах зүйл юу байна. Жил гаруйн өмнө би хорт хавдартай гэдгээ мэдсэн. Шинжилгээний дараа эмч нар миний ходоодны булчирхайн дахь хорт хавдарны зургийг харуулсан юм. Ходоодны булчирхай хаана байдгийг ч би мэддэггүй байлаа. Эмч надад ийм төрлийн хорт хавдрыг эмчлэх магадлал огт байхгүй гэдгийг хэлсэн. Тэгээд "Чамд 3-аас 6 сарын нас л үлдсэн" гэж хэлж байлаа. Тэд надад “Гэртээ хариад, юм хумаа эмхэлж цэгцэл” гэж хэлсэн. Өөрөөр бол үхэхдээ бэлд гэсэн үг. Хүүхдүүддээ 10, 20 жилийн дараа хэлж захина гэж бодож байсан зүйлсээ одоо хэлж, захь гэсэн үг. Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө сэтгэл санааг төвшитгөж, тэдэнд баяртай гэж хэлэхдээ бэлд гэсэн үг. Мэдээж маш хэцүү байлаа. Тэр өдрөө би биопси шинжилгээ хийлгэсэн. Эмч нар миний хоолой руу дуран шургуулж, гэдэс, дотор эрхтнээр дамжуулаад дараа нь хорт хавдраас хэдэн эсийг зүүгээр татаж авсан гэсэн үг. Надад нойрсуулагч тарьсан. Эхнэр минь тэгэхэд миний дэргэд байлаа. Эсийг микроскопоор нягталж үзээд миний хавдар эмчлэгдэх боломжтой маш ховор төрлийнх гэдгийг эмч нар мэдсэн юм. Тэд баярласандаа нулимс унагаж байсан гэдэг Хагалгаа амжилттай болж би одоо зүгээр болсон. Үхэлтэй хамгийн ойртож очсон минь энэ. Дараагийн хэдэн жилдээ ингэж ойртохгүй гэж найдаж байна. Харин одоо би, үхэл надад зөвхөн төсөөлөл төдий байсан үеийнхнээс арай илүү тодорхой итгэлтэй байдлаар нэг зүйлийг хэлж чадна. Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд очихыг хүсдэг нэгэн ч гэсэн үхлээс эмээдэг. Гэхдээ хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бүгд нэг л өдөр үхэлтэй нүүр тулна. Ийм ч байх ёстой. Учир нь Үхэл бол амьдралын салшгүй нэг хэсэг. Хорвоог хөдөлгөгч хүчний тулгуур. Хуучныг халж, шинийг уригч. Яг одоо та нар бол шинэ амьдралын төлөөлөл. Гэхдээ та нар цагийн аясаар өтөлж, нэг л өдөр бусдын адил хорвоог орхино. Уянгын халил биш шүү. Энэ бол цорын ганц үнэн. Та нарын цаг хязгаартай. Түүнийгээ бусдын заавраар амьдарч битгий үр. Догма буюу бусдын бодол, үзэмж, сургаальд бүү хүлэгд. Дотоод сэтгэлийн дуу хоолойгоо бүү бусдын шүүлт, бодолд бүү төөрөгдүүл. Хамгийн чухал нь зөв совин, сэтгэл, хүсэл тэмүүллээ дагах зоригтой бай. Тэгсэн цагт л чи хэн болохыг хүсч байгаагаа жинхэнэ ёсоор мэдэх болно. Харин бусад нь тийм чухал биш. Намайг бага байхад "Whole Earth Catalog" гэх гайхалтай сэтгүүл байлаа. Миний үеийнхний хувьд бараг л Библи болсон энэ номны зохиогч Стьюарт Брэндийн уран яруу, торгон мэдрэмжийг би үнэхээр биширсэн. Энэ бол 60-аад оны сүүл үе. Компьютер, десктоп хэвлэл гэж тэр үед байгаагүй болохоор бичгийн машинаар шивж... гараар хайчилж, Polaroid камераар бүтээсэн гэсэн үг. Энэ бол Google-ийг төрөхөөс 35 жилийн өмнөх цаасан дээрхи Google байлаа. Идеалистик, төгс, гайхалтай бүтээл байсан юм. Стьюарт болон түүний нөхөд "Whole Earth Catalog"-ийн хэдэн дугаарыг гаргаад удалгүй сүүлийн дугаараа хэвлүүлсэн юм. 1970-аад оны дунд үе. Би та нарын насан дээр байлаа. Сүүлийн хэвлэлтийн арын нүүрний зургийг би тод санадаг юм. Хязгааргүй хээр талын зам. Адал явдалд дуртай бол жинхэнэ аялаж байхаар газар. Зурагны доорхи тайлбар : "Stay Hungry. Stay Foolish." Энэ бол тэдний өгсөн сүүлийн зөвлөгөө. “Stay Hungry. Stay Foolish” Би энэ үгийг амьдралынхаа мөрдлөг болгосон. Харин одоо амьдралд хөл тавьж буй та бүхэнд үүнийг дамжуулж байна. “Битгий сэтгэл хана!, Битгий томоож!” Маш их баярлалаа "Урам өгөх хадмалтай бичлэгүүд" FB Page