Таны тархи гэмтсэн эсүүдээ шинэ, илүү сайжруулсан эсээр сольж дахин сэргээгдэж байна гээд тѳсѳѳл дѳѳ. Энэ нь шинжлэх ухааны зѳгнѳл мэт сонсогдож болох ч судлаачид үүнийг бодит болгохоор ажилласаар байна. Бидний уураг тархи нэг л ѳдѳр ѳѳрийгѳѳ сэргээж чаддаг болох болов уу? Үр тогтож эхлэх үeд энэхүү залуу тархинд гол бүтэц нь болох бичил эсүүд буюу мэдрэлийн эсүүд бий болдог гэдгийг бид сайн мэднэ. Эдгээр шинээр тѳрсѳн эсүүд бүрэлдэж буй тархины олон хэсэг рүү тархан ѳѳр ѳѳр бүтцэд орон зохицуулагддаг. Гэвч саяхныг хүртэл судлаачид энэхүү бойжилтын дараа эсийн боловсруулалт огцом зогсдог гэж үзэн Паркинсон, Альцхеймерийн өвчин гэх мэт мэдрэлийн өвчнүүд, мѳн гэнэтийн буюу цус харвах өвчнийг эмчлэх боломжгүй гэж үздэг байсан. Харин цуврал нээлтийн үндсэн дээр насанд хүрсэн хүний уураг тархи хамгийн багадаа 3 тусгай хэсэгт шинэ эсийг бүтээсээр байдаг гэдгийг олж мэдсэн. Энэ нь шинэ эсийн тѳрѳлт буюу үүдэл эс, проженитор эс гэх тархины тодорхой эсүүдийн оролцоотой шинэ эс "үйлдвэрлэх" болон хуучныг шинээр солих үйл явцаас бүрдэнэ. Эс үүсдэг 3 хэсэг нь сурах болон ой санамжтай холбоотой тархины хуниас, тархи болон хамрыг холбохын тулд үнэрлэх булцууг эсээр хангадаг тал ховдлын бүс болон хѳдѳлгѳѳнийг удирддаг тархины саарал хуниас юм. Судлаачид хараахан эс үүсгэгч нь эдгээр хэсэгт ямар үүрэгтэйг, мөн яагаад тархины бусад хэсэгт байдаггүйг олж тогтоогоогүй байгаа ч, насанд хүрсэн хүмүүсийн тархинд шинэ эс үүсэх энэ механизм гайхалтай боломжийг нээж байна. Тархи гэмтсэн хэсгээ эдгээх аргыг олох болов уу? Яг л арьс шархалсан хэсэгтээ нөхөн төлжих эсвэл хугарсан яс эргээд бороолдог шиг. Бидний ололт одоохондоо энэ. Зарим уураг болон бусад уурагтай төстэй жижиг молекулуудыг тархинд хийснээр тархины нөгөө 3 хэсэгт үүдэл эс ба проженитор эсүүд шинэ залуу эсийг бий болгоход нөлөөлөх боломжтой. Эсүүдийг илүү үр дүнтэйгээр нөхөн төлжүүлж, илүү олон эсийг амьд үлдээхийн тулд энэ аргыг сайжруулах хэрэгтэй. Гэхдээ судалгаанаас үзэхэд, проженитор эсүүд нь гэмтсэн хэсгүүд рүү шилжин тэндээ шинэ эс бий болгох чадвартай нь тогтоогдсон. Өөр нэг найдвар төрүүлсэн арга бол арьс шилжүүлэн суулгахтай адил эрүүл хүний тархины эсийг лабораторит нөхөн үржүүлэх замаар гэмтсэн эсийг нөхөх арга юм. Судлаачид энэ шилжүүлсэн донор эсүүд нь дараа нь хуваагдах, ялгагдах, мөн гэмтсэн тархинд шинэ эсийг бий болгож чадах эсэхийг туршиж байна. Тэд бас астросайт эсвэл олигодэндросайт зэрэг өөр төрлийн эсүүдэд мэдрэлийн үүдэл эс шиг шинэ эс боловсруулахыг заах боломж байгааг олж нээжээ. Тэгвэл одоогоос арав, хорин жилийн дараа бидний тархи нѳхѳн сэргэдэг болох уу? Бид баттай хэлж чадахгүй ч, гэхдээ энэ нь нөхөн сэргээх анагаах ухааны гол зорилго болоод байна. Хүний тархи 100 тэрбум эстэй ба бид одоо болтол биологийн энэ том эх хавтангийн холбоосыг судалсаар байна. Ямартай ч бид дахин ачааллах товчлууртай болоход өдөр өдрөөр ойртсоор байна.