Үнэндээ би зан аашийн хувьд барагтаа л уйлдаггүй. Гэхдээ миний ажлын хувьд энэ нь сайн зүйл байсан байх. Би бол иргэний эрхийн хуульч. Энэ дэлхий дээрх бусармаг зүйлсийг бишгүйдээ л харсан. Би АНУ дахь цагдаагийн хүчирхийллийн хэргүүдээс ажлын гараагаа эхэлсэн. 1994 онд Руанда дахь хоморголон устгах явдлыг судлах Нэгдсэн Үндэсний Байгууллагын шалгалт судалгааны ажлын даргаар томилогдсон. Хоморголон устгах явдлыг судлахад нулимс ямар ч тус болдоггүй юм байна лээ. Миний харсан, мэдэрсэн, хүрсэн зүйлс үгээр илэрхийлэшгүй. Харин миний хэлж чадах зүйл бол Руанда дахь энэхүү явдал өрөвдөн хайрлах өчүүхэн сэтгэлийг гаргаж чадаагүй дэлхий дахины хамгийн том алдаануудын нэг. Өрөвдөж хайрлах гэсэн англи үг латинаар "хамт зовох" гэдэг утгыг илэрхийлдэг. Руандад миний үзэж харсан зүйлс тэр дундаа хүмүүний зовлон шаналлыг тийм ойроос харахад үнэхээр нулимс дуслуултал сэтгэлийг минь хөдөлгөсөн. Гэхдээ надаас гадна дэлхий ертөнц арай эртхэн хөдөлсөн ч болоосой. Зөвхөн нулимс дуслуулах биш хоморголон устгах явдлыг зогсоосон бол. Үүнтэй харьцуулахад дэлхийн энэрэнгүй сэтгэлийн гайхалтай үр дүнг ч бас би хуваалцсан. Энэ нь дэлхийн ядуурлын эсрэг тэмцэл юм. Магадгүй энд байгаа хүн бүр үүнд гар бие оролцсон байх. Үүний тухай анх "We Are the World" дууны хэсгээс мэдэж авсан, эсвэл сар бүр ивээн тэтгэдэг хүүхдийн зургаа хөргөгчин дээрээ наах, эсвэл цэвэр усны төлөө төрсөн өдрөөрөө хандив өгснөөс эхэлсэн байж магадгүй. Би ядуурлын тухай анх яаж мэдсэнээ сайн санадаггүй ч хамгийн сэтгэл сэрт хийлгэм тохиолдлыг нь санадаг. Тэр бол Венустай анх уулзах үе. Тэр Замбид амьдардаг эх хүн. Тэр 3 хүүхэдтэй, бэлэвсэн. Түүнтэй уулзах үед тэрээр өөрийн түүхийг хуваалцахын тулд өөрт байгаа ганц хувцсаа өмсөөд нийслэл хотод ирэх гэж 20 км алхсан байсан. Тэр надтай хамт олон цагаар сууж ярилцан ядуурлын ертөнцийг надад таниулсан. Тэр зуухан дахь нүүрс хөрч бүр мөсөн унтрахад ямар байдгийг надад дүрсэлсэн. Тос дуусч хамгийн сүүлийн дусал шавхагдахад, хэдий хамаг чадлаараа хичээсэн ч сүүлчийн хоол дуусахад ямар байдгийг. Тэр хамгийн бага хүү Питерийг хоол дутагдлаас болж зовж шаналан хөл нь эцэстээ ажиллахгүй болохыг харж суухаас өөр аргагүй байсан. Хүүгийнх нь нүүр зэвхий дааж эцэст нь Питерийн бие ч бас хөрч хүйтэн болсон. 50 жилийн турш үүнтэй ижил түүхүүд бидний сэтгэлийг хөдөлгөсөөр ирсэн. Хүүхдүүд нь идэх хоолтой хүмүүсийг хөдөлгөж чадсан. Биднийг зөвхөн дэлхийн ядууралд санаа зовнихоос гадна энэ зовлон шаналлыг зогсооход гар бие оролцтол биднийг хөдөлгөсөн. Мэдээж биднийг хангалттай ихийг хийж чадаагүй, хийсэн зүйлс нь хангалттай үр дүнтэй байж чадаагүй гэж шүүмжлэх нь олонтаа ч яг үнэн бодит байдал ийм байна: дэлхийн ядуурлын эсрэг тэмцэл нь хүн төрөлхтний түүхийн туршид хайр энэрлийг харуулж чадсан хамгийн өргөн хүрээтэй, удаан хугацааны илрэл болов уу. Ингээд би та бүхэнд энэхүү асуудлын тухай таны бодлыг орвонгоор нь өөрчлөх хэдэн баримтыг танилцуулмаар байна. Гэхдээ юун түрүүнд таны мэддэг зүйлээс эхэлье. 30 жилийн өмнө намайг ахлах сургуулиа төгсөж байхад өдөр бүр 40 мянган хүүхэд ядуурлаас болж үхдэг гэж бидэнд хэлж байсан. Өнөөдөр энэ тоо 17 мянга хүртэл буурчээ. Бас л их тоо хэдий ч энэ нь жил бүр 8 сая хүүхэд ядуурлаас болж үхдэггүй гэсэн үг. Үүнээс гадна дэлхий дээр амьдардаг хүмүүсийн дунд өдөрт 1.25 доллараар амь зуудаг буюу хэт ядууралд амьдардаг хүмүүсийн тоо 50 хувь байсан бол одоо 15 хувь хүртэл буурсан. Энэ бол маш том дэвшил, хүн болгоны юунд хүрч болох тухай төсөөллийг давсан үзүүлэлт. Миний бодлоор бид бүгдээрээ үнэнийг хэлэхэд өөрсдөөрөө бахархаж, энэрэнгүй сэтгэл сая сая хүмүүний зовлон шаналлыг зогсоох ямар их агуу хүчтэйг харж урамших ёстой. Гэхдээ танд төдийлөн сонсогддоггүй зүйлийн талаар одоо ярья. Гэхдээ ядуурлын тэр түвшинг өдөрт 2 доллар болгож өөрчилбөл намайг ахлах сургуульд байхад ядуу байсан тэдгээр 2 тэрбум хүн 35 жилийн дараа ч бараг л нэн ядуу гэсэн түвшиндээ байсаар л байх болно. Тэгэхээр яагаад ийм олон тэрбум хүн нэн ядууралд байсаар байна вэ? Бүгдээрээ Венусын тухай дахиад нэг бодъё. Эхнэр бид хоёр олон жилийн турш аливаад энэрэнгүй сэтгэлээр хандаж хүүхэд ивээн тэтгэж, багахан хэмжээний зээл олгож, гадаадын тусламжид дэмжлэг үзүүлсээр ирсэн. Гэхдээ Венустай уулзахаас өмнө эдгээр аргууд түүний хүүгээ алдах болсон шалтгааныг нь ерөөсөө авч хэлэлцдэггүй гэдгийг огт мэддэггүй байлаа. "Бид уг нь болж байсан юм" гэж Венус хэллээ. "Тэгээд Брутс гай тарьж эхэлсэн." Брутс бол Венусын хөрш, "гай тарьсан" гэдэг нь Венусын нөхөр өөд болсны дараах явдлыг хэлж байгаа юм. Брутс зүгээр орж ирээд л Венусыг хүүхдүүдтэй нь хөөж гаргаад, газрыг нь булааж, зах дээрх лангууг нь дээрэмдсэн. Хар даа, Венус хүчирхийллээс болж нэн ядуу болсон байгаа биз. Тэгээд надад ийм бодол төрсөн: мэдээж хэрэг хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, жижиг дунд зээл, ядуурлын эсрэг уламжлалт хөтөлбөрүүдийн аль нь ч Брутсыг зогсоохгүй шүү дээ. Учир нь тэдгээр арга нь үүнд зориулагдаагүй. Гризелдатай уулзахад энэ бодол улам батжсан. Тэр бол Гуатэмалагийн маш ядуу хэсэгт амьдардаг цовоо сэргэлэн охин. Олон жилийн туршлагаас харахад Гризелда болон түүний гэр бүлийг нэн ядуурлаас салгахад тэдний хийж чадах магадгүй цорын ганц хүчтэй зэвсэг бол Гризелдаг сургуульд явуулах. Мэргэжилтнүүд үүнийг "охин хүүхдийн нөлөө" гэдэг. Гэхдээ анх түүнтэй танилцахад Гризелда сургуульд явдаггүй байсан. Тэр бүү хэл гэрээсээ гарах нь ч ховор. Бидэнтэй уулзахаас хэдэн өдрийн өмнө сүмээс гараад харих гээд гэрийнхэнтэйгээ алхаж байхад нь гэгээн цагаан өдрөөр гудамжинд орон нутгийнх нь хэдэн залуус гэрийнхнээс нь булаагаад хэрцгийгээр хүчирхийлсэн байсан. Уг нь Гризелда сургуульд явах бүрэн бололцоотой, харин тийшээ очих зам нь аюултай байсан. Гризелда бол цор ганц жишээ биш. Дэлхий даяар өдөр тутамд 15-44 насны охид, эмэгтэйчүүд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг бөгөөд энэ 2 төрлийн хүчирхийлэл нь малари, авто машины осол, дайн гурвын нийт эндэгдлийн тоотой харьцуулахад илүү олон үхэл бас хөгжлийн бэрхшээлд хүргэдэг. Яг үнэндээ дэлхийн ядуучууд хүчирхийллийн системд гацчихаад байна. Жишээ нь, Өмнөд Азид будааны тээрмийн хажуугаар давхиж гарахдаа турж эцсэн нуруун дээрээ 45 кг жинтэй шуудай гурилыг олноор нь үүрээд явж байгаа залууг харж болно. Гэтэл би бүр сүүлд л түүнийг боол гэдгийг нь мэдэх болно. Намайг ахлах сургуульд байхаас л түүнийг хүчээр тээрэмд боолчилсон. Яг энэ орон нутагт ядуурлын эсрэг хэдэн арван жил хэрэгжүүлсэн хөтөлбөр будааны тээрэмд болж буй зодож, хүчиндэж, тамлан зовоох хүчирхийллээс тэр залуу болон түүн шиг хэдэн зуун хүнийг аварч чадаагүй. Тэр байтугай ядуурлын эсрэг хагас зууны турш хэрэгжүүлсэн хөтөлбөр хүмүүний түүхийн явцад хамгийн их хүнийг ядууралд үлдээсэн тохиолдол юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнөөдөр дэлхий дээр 35 сая хүн ядуурал дунд байна. Энэ нь өнөөдрийн бидний сууж байгаа Kанадын хүн амтай тэнцүү гэсэн үг. Ийм учраас цаг хугацааны эрхээр би ядуурлын энэхүү тархалтыг "Царцааны Нөлөө" гэж нэрлэх болсон. Учир нь ядуучуудын хувьд энэ нь яг л тархалт шиг нүргэлж бүгдийг устган сүйтгэдэг. Нэн ядуу орон нутгийнхныг одоо судлаад үзэх юм бол оршин суугчдын хамгийн их айдаг зүйл бол хүчирхийлэл гэж хариулна. Гэхдээ тэдний айдаг хүчирхийлэл бол хомроглон устгах эсвэл дайн биш, харин өдөр тутмын хүчирхийлэл. Тэгээд хуульч хүнийхээ хувьд нэн түрүүнд хуулийг нь өөрчилье гэсэн бодол төрсөн. Ядуучуудын эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг хууль бус болгоё. Гэтэл дараа нь аль хэдийн ийм хууль байгааг мэдсэн. Асуудал нь ядууст зориулсан хууль байхгүйд биш, харин хууль хэрэгжүүлэлт байдаггүй. Хөгжиж буй оронд хамгийн наад захын хууль ч хэрэгждэггүй ба НҮБ-аас саяхан гаргасан тайланд "ихэнх ядуу хүмүүс хуулийн хамгаалалтаас ангид амьдардаг" гэдгийг тогтоосон. Үнэндээ та бид нар энэ яг юу гэсэн үг болохыг сайн мэдэхгүй. Учир нь бид үүнийг биеэрээ мэдэрч туулаагүй. Бүрэн хэрэгждэг хууль гэдэг бидний хувьд зүгээр л төсөөлөл төдий. Үнэндээ энэхүү төсөөллийг эдгээр тоо бүрэн илэрхийлнэ: 9-1-1. Энэ бол мэдээж Kанад болон АНУ-д яаралтай тусламж дуудах утасны дугаар. Цагдаад ирүүлэх энэхүү дуудлаганд хариу арга хэмжээ авах хугацаа дунджаар 10 минут байдаг. Бид үүнийг үргэлж байх ёстой мэтээр л хүлээж авдаг. Тэгвэл таныг хамгаалах хууль хэрэгжүүлэлт байхгүй бол яах вэ? Саяхан Орегон дахь нэгэн эмэгтэй энэ ямар байхыг мэдэрсэн. Амралтын өдрийн орой харанхуй гэртээ ганцаараа байхад нь нэгэн эр гэр лүү нь дайрч орсон. Түүний хувьд энэ яг хар дарсан зүүд шиг л байлаа. Учир нь тэр эр 2 долоо хоногийн өмнө түүн рүү дайрснаас болж эмнэлэгт хэвтэхэд нь хүргэсэн. Айж сандраад, утсаа аван хийх ёстойгоо хийлээ: 911 рүү залгатал мужийн төсөв татагдсанаас болоод амралтын өдрүүдээр хууль сахиулагч дуудах боломжгүйг олж мэдсэн. Сонс доо. Диспетчер: Надад тан руу явуулах хүн алга аа. Эмэгтэй: За. Диспетчер: Тэр дотор орж ирээд тан руу дайрвал түүнийг яваач гэж асууж болох уу? Эсвэл тэр ямар нэгэн бодис хэрэглэсэн эсэхийг та мэдэх үү? Эмэгтэй: Би аль хэдийн асуусан. Түүнд 911 рүү залгаснаа ч хэлсэн. Өмнө хаалга эвдлээд орж ирээд над руу дайрч байсан. Диспетчер: Аанхаа. Эмэгтэй: Харин тэгээд... Диспетчер: Танд гэрээсээ аюулгүйхэн гараад явах боломж байгаа юу? Эмэгтэй: Байхгүй. Тэр миний гарч болох ганц замыг минь хаачихсан байна. Диспетчер: Тэгэхээр миний хийж чадах зүйл бол танд зөвлөгөө өгч цагдаагийн хэлтэст маргааш мэдэгдэх л байна. Тэр орж ирээд ямар нэгэн зэвсэгтэй эсвэл бие махбодийн гэмтэл учруулах гэвэл мэдээж өөр хэрэг. Цагдаагийн хэлтэс энд ажилладаггүйг мэдэж байгаа байх. Надад тан руу явуулах хүн байдаггүй ээ. Гари Хоген: Харамсалтай нь, гэртээ байсан тэр эмэгтэй харгис хэрцгийгээр зодуулж, боймлуулж, бас хүчиндүүлсэн. Учир нь хуулийн гадуур амьдарна гэдэг ийм л хэрэг. Энд л хэдэн тэрбум ядуус амьдарч байна. Энэ хэрхэн харагддаг вэ гэж үү? Боливт, жишээлбэл, эрэгтэй хүн ядуу хүүхдийг хүчиндвэл тэр эр угаалгын өрөөндөө хальтирч үхэх магадлал нь үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө шоронд явахаас их. Өмнөд Азид хэрвээ чи хэн нэгнийг боолчлох юм бол аянганд цохиулж нас барах магадлал чинь хийсэн гэмт хэргийнхээ төлөө шоронд суухаас их. Ингээд л өдөр тутмын хүчирхийллийн тархалт даамжирсаар байдаг. Энэ нь бас өдөрт 2 доллараар амь зууж буй хэдэн тэрбум хүмүүст туслах гэсэн бидний оролдлогыг нурааж байдаг. Учир нь тоо баримт худлаа ярьдаггүй. Хэдий ядууст бүхий л төрлийн үйлчилгээ, эд хөрөнгө тарааж өгсөн ч үүнийг нь булаагаад байгаа дээрэлхүү нөхдүүдэд арга хэмжээ авч гарыг нь хүлэхгүй л бол гаргасан хүч хөдөлмөрийнхөө урт хугацааны нөлөөг хараад таны урам хугарна. Уг нь буурай хөгжилтэй орнуудын хуулийн сул хэрэгжилт олон улс даяарх ядуурлын эсрэг тэмцлийн чухал асуудлуудын нэг баймаарсан. Гэтэл тийм биш. Олон улсын тусламжийн хянан шалгагчид хууль үйлчилдэггүй өдөр тутмын хүчирхийллээс ядуусыг хамгаалахад ганц ч хувь тусламж үйлчилгээ чиглэдэггүй гэдгийг тогтоосон. Үнэндээ ядуусын эсрэг хүчирхийллийг ярьж эхлэхдээ бид байж болох хамгийн буруу талаас нь ярьдаг. Цэвэр усны нэгэн байгууллага охид ус авах гэж яваад замдаа хүчиндүүлдэг тухай сэтгэл өвтгөм түүх ярьснаа тэр худгийг нь ойртуулж охидын явах замыг нь богиносгох шийдлээ магтан сайшаасан. Ингээд л болоо. Тэр орон нутагт байсаар байгаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тухай нэг ч үг байхгүй шүү. Хэрэв манай сургуулийн нэг охин сургуулийн номын сан явах замдаа хүчиндүүлсэн бол бид хэзээ ч номын санг нь ойртуулснаа бахархаж тэмдэглэхгүйдэг. Ингэсэн атлаа яагаад ч юм ядуусын хувьд энэ нь зүгээр хэрэг үү? Яг үнэндээ эдийн засгийн хөгжлийн болон ядуурлын бууралтын уламжлалт мэргэжилтнүүд үүнийг яаж шийдвэрлэхээ мэддэггүй. Тэгээд яадаг гээч? Тэд зүгээр л энэ тухай ярьдаггүй. Хөгжиж буй орны ядууст хууль үйлчилдэггүй асуудал яагаад ийм орхигдмол вэ гэвэл суурь шалтгаан нь тухайн оронд байгаа мөнгөтэй хүмүүст энэ нь тийм ч хэрэгтэй зүйл биш. Би саяхан Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцохдоо хөгжиж буй оронд маш том бизнес эрхэлдэг захирлуудтай ярилцахдаа тэднээс ингэж асуулаа: "Та нар өөрсдийн хүмүүс болон өмч хөрөнгөө хүчирхийллээс яаж хамгаалдаг юм бэ?" Тэд бие бие рүүгээ харснаа бараг л нэгэн дуугаар ингэж хэлсэн: "Худалдаад л авчихдаг." Чухамхүү хөгжиж буй оронд хувийн хамгаалалтын алба төрийн цагдаагийн албанаас 4, 5, 7 дахин их байдаг. Африкт тус тивийн хамгийн том ажил олгогч бол хувийн хамгаалалт. Баячууд нь аюулгүй байдалдаа мөнгө төлөөд баяжсаар байна шүү дээ. Харин ядуус үүнд мөнгө төлж чадахгүй юм чинь ямар ч хамгаалалтгүй газарт чирэгдсээр байна. Энэ бол маш олныг хамарсан, маргаантай шившигт явдал. Энэ заавал ийм байх албагүй. Хэрэгждэггүй хуулийг засаж болно. Хүчирхийллийг зогсоож болно. Эрүүгийн эрх зүйн бараг бүх л систем анхандаа авилгад идэгдсэн, ажиллагаагүй байдаг ч үүнийг тасралтгүй хүчин чармайлтаар болон бууж өгөлгүйгээр залруулж болно. Урагш явах зам их энгийн. Нэгт, ядуурлын эсрэг тэмцэхдээ хүчирхийллийг зогсоох оролдлогод ач холбогдол өгч эхлэх хэрэгтэй. Дэлхий нийтийн ядуурлын эсрэг тэмцлийн тухай ярихдаа хүчирхийллийн асуудлыг дурдахгүй бол тэр яриаг сонсоод ч хэрэггүй. Хоёрт, хөгжиж буй орнуудад хувийн хамгаалалт биш, хүн бүхэнд аюулгүй байдлыг олгодог нийгмийн эрх зүйн системийг шинээр бүтээхэд нь мэдлэгээсээ хуваалцаж хөрөнгө оруулалт хийж эхэлье. Эдгээр өөрчлөлт нь бүрэн боломжтой төдийгүй өнөөдөр ч хэрэгжиж байна. Саяхан Филлипиний хоёр дахь том хотод орон нутгийн өмгөөлөгчид болон хууль сахиулах ажилтнууд хамтран авилгад идэгдсэн цагдаагийн алба, шүүхийг өөрчилж дөрөвхөн жилийн хугацаанд ядуу хүүхдийн эсрэг арилжааны зорилготой бэлгийн хүчирхийллийг 79 хувиар багасгасан төслийг Гэйтс Сангаас санхүүжүүлсэн. Түүхээс харахад, тайлбарлаж бас уучилж боломгүй тохиолдлууд ихэвчлэн илүү энэрэнгүй байж чадаагүй явдлууд байдаг. Учир нь миний бодлоор түүх биднийг ач, зээ нарын минь өмнө шүүхэд дуудаж тэд ингэж асууна: "Өвөө, эмээ, та хаана байсан бэ? Eврейчүүд нацистуудаас зугтаж манай эрэгт иртэл оруулахгүй гэхэд нь өвөө та хаана байв? Та хаана байсан юм бэ? Эмээ, манай япон-америк хөршийг дайны хорих бааз руу алхуулж байхад та хаана байв? Харин та, өвөө, манай африк-америк хөршийг сонгууль өгөх гэсний төлөө балбаж байхад хаана байв?" Үүнтэй адилаар үр хүүхдүүд минь ингэж асууна: "Өвөө, эмээ, дэлхийн 2 тэрбум ядуус өдөр тутамдаа хүчирхийлэлд өртөж хуульгүй нийгэмд живж байхад та хаана байсан юм бэ?" Хариуд нь бид энэрэнгүй сэтгэлээр хандаж, дуу хоолойгоо нэгтгэн хүчирхийллийг зогсооход бүгд хөдөлж чадсан гэж хэлнэ гэдэгт найдаж байна. Маш их баярлалаа. (Алга ташилт) Kрис Андерсон: Учир утга бүхий илтгэл байлаа. Цагдаагийн сургуулилтыг сайжруулахад яг юу хийгдсэн тухай зарим зүйлсээс хуваалцаач. Энэ хэр хэцүү вэ? ГХ: Яг одоо хийгдэж байгаа сайшаалтай зүйлсийн нэг бол эдгээр систем нуран унахад ямар үр дүн гарч болох нь илт харагдаж эхэлсэн. Тэр бүү хэл төрөөс ч үүнийг хийе гэж санаачлага гарсан. Одоо мэдлэгээ шилжүүлэх, нөөцөөр хангах санхүүжилт л дутаад байна. Улс төрийн эрх ашгийн зөрчил гарах нь ойлгомжтой ч энэ бол ялж болохуйц тэмцэл. Учир нь манай Олон Улсын Эрх Зүйн Төлөөлөгчийн Газраас олон оронд хийсэн судалгаа их нааштай үр дүн үзүүлсэн. KА: Тэгвэл нэг оронд цагдаагийн албанд өөрчлөлт хийхэд хэр өртөгтэй байдаг вэ? Мэдээж энэ бол зөвхөн ганцхан хэсэг нь л дээ. ГХ: Гуатэмалад орон нутгийн цагдаа, шүүхийн систем, прокурортой хамтран эдгээр хэргүүдийг илүү үр дүнтэй шийдвэрлэхэд тэднийг давтан сургах төсөл эхлүүлсэн. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэнг яллах явдал 1000%-иар нэмэгдэхийг харсан. Энэхүү төсөл нь жилдээ 1 сая доллараар санхүүждэг ба бэлтгэгдэж, удирдуулбал зөв ажилладаг эрүүгийн эрх зүйн хөдөлгөгч хүч болохынхоо хувьд оруулсан санхүүжилтийнхээ түвшинд чамлалтгүй үр дүн үзүүлсэн. Тэгээд эдгээр улс орнууд, ялангуяа дундаж давхаргынхан эдгээр тогтворгүй байдал, аюулгүй байдлын хувьчлалыг хараад ирээдүйдээ огт итгэлгүй болчихсон хүмүүст боломж байгаа, өөрчлөлтөд хүрэх зам байгаа гэж бодож байна. KA: Үүнийг бий болгохын тулд гинжний бүх хэсгийг харах хэрэгтэй байх. Цагдаа, тэгээд өөр хэн байдаг вэ? ГХ: Хууль сахиулах нь мэдээж цагдаагаас эхэлнэ. Тэд бол эрх зүйн гол зангидагч хүч. Гэвч тэд зүгээр прокурорт, прокурор нь цааш шүүхэд дамжуулаад л орхичихдог. Эдгээр үе шатуудад хүчирхийллийг даван туулагчийг нийгмийн үйлчилгээ дэмжих хэрэгтэй болдог. Тийм учраас эдгээрийг бүгдийг нь нэгтсэн аргачлал хэрэгтэй. Өмнө нь шүүхийг сургасан ч энгийн ард иргэдийг маш сайн хуулийн хэрэгжилтээр хамгаалахын оронд цагдаагаас хангалтгүй баримт нотолгоо ирэх эсвэл мансууруулах бодис ба алан хядах үйл ажиллагаанаас болж цагдаагийн оролцоо бага байх тохиолдлууд байсан. Eр нь бүгдийг оролцуулах нь нэн чухал. Нэн ядуу орчинд хуулийн хэрэгжилтийг биднийх шиг хэмжээнд байлгаж болно. Манайд хүртэл төгс биш ч гэлээ 911 рүү залгахад хэн нэгэн танд тусалж магадгүй гэдгийг мэдэх сайхан хэрэг шүү. KA: Гари, та өөрийн ном болон өнөөдрийн энэхүү илтгэлээрээ үүнийг дэлхий нийтийн анхааралд аваачиж чадсан гэж би бодож байна. Маш их баярлалаа. Гари Хоген. (Алга ташилт)