Сарын тэмдэг. Цус. Менструаци. Заваан. Нууц. Нуугдмал. Яагаад? Бүхий л охид эмэгтэйчүүдийн амьдралынхаа турш сар бүр туулдаг биологийн нэг л процесс. Бидний байгалийн шалгарал, үржлийн шалтгаалдаг гол хүчин зүйл болох маш чухал үзэгдэл. Гэхдээ бид үүнийг цээрлэдэг. Үүний талаар ярихаас эвгүйцэж, ичдэг. Миний сарын тэмдэг анх ирэхэд энэ талаар ярих хориотой гэж хэлэв. Бүр аав ахтайгаа хүртэл шүү. Энэ бүлэг хичээлийн номон дээр гарахад биологийн багш маань сэдвийг алгассан. (Инээд) Би үүнээс юу сурсан гээч? Үүний талаар ярих нь ичгүүртэй гэж. Би өөрийн биеэсээ ичих болсон. Би сайн хүн байхын тулд сарын тэмдэээ үл тоомсорлосон. Судалгаагаар Энэтхэгийн бүс бүрт 10 охидын 3 нь анх сарын тэмдэг ирэх үед энэ талаар мэддэггүй нь тогтоогдсон. Ражастаны зарим хэсэгт энэ тоо нь 10 охин тутмын 9 нь болж өссөн байна. Та гайхах байх. Миний ярилцсан ихэнх охид анхны сарын тэмдэг нь ирэх үед энэ талаар мэдэлгүй цусны хорт хавдар туссан бөгөөд удахгүй нас барна гэж бодож байсан. Сарын тэмдгийн үеийн ариун цэвэр нь нөхөн үржихүйн халдваруудын гол эрсдэлийн нэг юм. Гэхдээ Энэтхэгт охид, эмэгтэйчүүдийн 12 хувь л сарын тэмдгийн эрүүл ахуйн арга хэрэгслүүд хүртэж байна. Бодоод үзвэл нийт эмэгтэйчүүдийн 88 хувь нь сарын тэмдгийн үед ариун цэврээ хангаж чадахгүй байна. Би тэдний нэг байсан. Би Жархандын жижигхэн хот болох Гарвад өссөн. Энд ариун цэврийн хэрэглэл авах нь ичгүүртэйд тооцогддог. Иймд анх сарын тэмдэг ирэхэд би даавууны өөдөс хэрэглэж эхэлсэн. Хэрэглэснийхээ дараа угаан, дахиж хэрэглэж байлаа. Хадгалахын тулд хүмүүст сарын тэмдгээ мэдэгдүүлэхгүй гэж харанхуй, чийгтэй газар хадгалдаг байв. Дахин угааснаас даавуу нь ширүүн болж, хэрэглэсэн үед тууралт үүсч, халдвар авдаг байсан. Тэр хотоос нүүх хүртлээ би таван жил үүнийг хэрэглэсэн. Амьдралд минь гарсан өөр нэг асуудал нь сарын тэмдгийн үед охид, эмэгтэйчүүдийн дагах ёстой нийгмийн харилцааны хоригууд байсан. Та бүхэн мэдэх байх гэхдээ мэдэхгүй нэгэнд нь зориулж заримаас нь дурдъя. Би даршилсан өргөст хэмх идэж эсвэл хүрч болохгүй байлаа. Би буйдан эсвэл бусдын орон дээр суух эрхгүй байсан. Би сарын тэмдэг дууссаны дараа толбо болоогүй ч цагаан хэрэглэлээ угаах ёстой байлаа. Намайг бохир хэмээн, шашны холбоотой эд зүйлд хүрэх, тахин шүтэхийг хорьдог байсан. Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүд орохыг хориглосон тэмдгүүд сүм, дуганы гадна байдаг. Хачирхалтай нь гэр бүлийн ахимаг настай эмэгтэйчүүд залуу охидод ийм дүрмүүдийг тулгадаг байгаа юм. Тэд ч мөн эдгээрийг байх ёстой хэм хэмжээ гэж хүлээн авч өссөн. Үүнийг зогсоохгүй бол цуу яриа, буруу ойлголт дараа, дараагийн үеүдэд дамжих болно. Энэ салбарт ажиллах хугацаандаа охид тусдаа хооллож, аяга тавгаа угаадаг зэрэг түүхүүд ч сонсож байсан. Сарын тэмдгийн үеэр усанд орох хориотой бөгөөд зарим гэр бүл бусад гишүүдээс тусгаарладаг байна. Энэтхэг эмэгтэйчүүдийн 85% нь эдгээрийн нэг эсвэл түүнээс дээш хориог сар бүр дагах ёстой байдаг. Энэ байдал тэдний өөртөө итгэх итгэлд хэрхэн нөлөөлж байдгийг төсөөлөөд үз дээ. Сэтгэл зүйн дарамт охидын зан ааш, сурлага өсөж, томрох үе шат бүрт нөлөөлдөг. Би энэ хоригуудыг 13 жил чандлан дагасан. Хамтрагч Тухинтайгаа менструацийн талаар ярих үед миний үзэл бодол тэр чигээрээ өөрчлөгдсөн. 2009 онд Тухин бид 2 дизайнаар магистрт сурч байлаа. Бид бие биедээ дурлаж, түүнтэй сарын тэмдгийн талаар ярих асуудалгүй байв. Тухин энэ талаар тийм ч сайн мэддэггүй байлаа. (Инээд) Тэр охид сар бүр цус алдаж, гэдэсний булчин нь татаж өвддөгийг олж мэдээд маш их гайхсан. (Инээд) Тийм ээ. Тэр мөн сарын тэмдгийн үед охидод тавигддаг нийгмийн болоод гэр бүлийн олон хоригуудыг мэдээд цочролд орсон. Миний булчин өвдөх үед тэр надад туслахаар интернетээс сарын тэмдгийн талаар мэдээлэл хайх болсон. Мэдсэн зүйлсээ надтай хуваалцахад нь би өөрөө энэ талаар хэр бага мэддэгээ ухаарсан. Миний итгэдэг зүйлсийн ихэнх нь зүгээр л цуу яриа болж таарсан. Тэгээд бид бодсон л доо. Бид дээд боловсролтой мөртлөө сарын тэмдгийн тухай ийм буруу ойлголттой бол сая сая охид мөн л ижил ойлголттой байгаа. Асуудлыг илүү гүнзгий ойлгохын тулд сарын тэмдгийн тухай мэдээллийн дутмаг байдал үүссэн шалтгааныг жилийн турш судалсан. Мэдлэг, мэдээллийн хомстол нь хөдөө орон нутагт л хамааралтай гэж бид боддог ч судалгааны үеэр энэ асуудал хотуудад ч мөн адил байдгийг мэдсэн. Хотын боловсролтой анги давхаргад ч ажиглагдсан. Олон эцэг эх, багш нартай ярилцаж, тэдний ихэнх нь охидынхоо сарын тэмдэг ирэхээс нь өмнө энэ талын боловсрол олгохыг хүсдэгийг олж мэдсэн. Гэвч тэдэнд зөв эх үүсвэр нь байдаггүй байна. Энэ нь мөн цээрлэдэг сэдэв учир энэ тухай ярихаасаа ичиж, санаа зовдог аж. Охидын сарын тэмдэг зургаагаас долдугаар ангид анх ирдэг боловч боловсролын хөтөлбөрт найм, есдүгээр ангид заадаг байна. Ярихаас цээрлэдэг учир багш нар одоо ч энэ сэдвийг алгассаар байна. Сургууль охидод заахгүй, эцэг эхчүүд энэ талаар ярихгүй. Тэгвэл охид хаачих вэ? 24 жилийн өмнө бө одоо. Юу ч өөрчлөгдөөгүй байна. Би эдгээрийг Тухинтай хуваалцахад, бид охидод өөрсдөө сарын тэмдгийн талаар олж мэдэхэд нь туслах ямар нэгэн зүйл бүтээвэл ямар вэ гэж бодсон. Мөн багш, эцэг эхчүүдийг бага насны охидтойгоо зөвөөр ярихад нь туслах тийм зүйл. Судалгааны үеэр би маш олон түүхүүд цуглуулсан. Сарын тэмдгийн үеэр охидод тохиолдсон түүхүүд юм. Эдгээр түүхүүд нь охидын сониуч занг хөтлөн, ойр дотны хүрээлэлдээ энэ талаар ярих сонирхолтой болгоно. Бид үүнийг л хүссэн. Охидын сонирхлыг татаж, энэ талаар сурахад нь туслах зүйлийг хүссэн. Эдгээр түүхийг охидод сарын тэмдгийн талаар заахад ашигласан. Ингээд бид комик ном зохиож зурган дүрүүд нь эдгээр түүхийг амилуулан, охидод сарын тэмдгийг хөгжилтэй байдлаар заахаар шийдсэн. Бэлгийн бойжилтын 3 үе шатанд байгаа охидыг төлөөлж гурван дүр гаргасан. Сарын тэмдэг нь ирээгүй байгаа Пинки. Номын үйл явдлын үеэр сарын тэмдэг нь ирэх Жияа. Аль хэдийн сарын тэмдэг нь ирсэн Мира. Дөрөв дэх нь Прияа Диди. Түүгээр дамжуулан охид маань өсөж, том болох, сарын тэмдгийн ариун цэврийн талаар сурч авна. Энэ номоо бүтээх үедээ бид зургууд маань таагүй бус, соёлын хэм хэмжээнд нийцсэн байхаар бодолцсон. Анхны загвараа туршиж үзэхэд, охидод манай ном их таалагдсан. Тэд дуртайяа уншиж, сарын тэмдгийн талаар өөрсдөө сурч байсан. Эцэг эх, багш нарт номыг ашиглан охидтой ярилцах илүү амар байлаа. Заримдаа бүр хөвгүүд ч сонирхож байсан шүү. (Инээд) (Алга ташилт) Комик ном нь сарын тэмдгийн талаар ярилцахад таатай орчинг бүрдүүлсэн. Олон сайн дурын ажилтнууд энэ загварыг ашиглан, Энэтхэгийн таван мужид сарын тэмдгийн талаар хичээл орсон. Нэг сайн дурын ажилтан маань Ладакт байрлах хийд рүү аваачин, залуу лам нарт хичээл орсон. Бид номынхоо сүүлийн хувилбар болох "Менструпедиа Комик"-оо өнгөрсөн оны 9 сард гаргасан. Одоог хүртэл нийт 4000 гаруй охид номоор дамжуулан боловсрол авсан нь Энэтхэг болон (Алга ташилт) Баярлалаа. (Алга ташилт) 10 гаруй оронд очсон байна. Бид номоо өөр хэл рүү орчуулсаар байгаа ба орон нутгийн байгууллагуудтай хамтран өөр орнуудад номоо хүргэхээр ажиллаж байна. Энэтхэгийн 15 сургууль өөрсдийн хөтөлбөрт уг номыг багтаан, охидод сарын тэмдгийн талаар зааж байна. (Алга ташилт) Сайн дурынхан, эцэг эхчүүд, багш нар, хичээлийн эрхлэгчид бүгд хамтдаа нэгдэж сарын тэмдгийн талаарх мэдлэгийг түгээж, охидод зөв насанд нь энэ талаар зааж, энэ цээр хоригийг үгүй хийхэд тусалж буйг харахад надад гайхалтай байна. Би ирээдүйд сарын тэмдэг нь ямар нэг хараал эсвэл өвчин биш, охидын амьдралын чухал өөрчлөлт байгаасай гэж мөрөөддөг. Би мөн (Алга ташилт) энд буй эцэг эхчүүдээс хүсэх бяцхан зүйл байна. Хүндэт эцэг эхчүүдээ, хэрвээ та сарын тэмдгээс цэрвэх юм бол таны охин ч мөн цэрвэнэ. Иймд сарын тэмдгийг эерэг сэдэв байлгахад туслаарай. (Инээд) Баярлалаа. (Алга ташилт)